ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ
МЭДВЭЛ ЗОХИХ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Монгол Улсын Иргэний хууль (2002 он, нэмэлт, өөрчлөлтийн хамт)-д үндэслэв
Бидний өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх суурь нь гэрээ байдаг. Гэрээг зөв, сайн зохицуулалттай байгуулах нь ирээдүйд үүсэж болох эрсдэл, маргаанаас хамгаалах хамгийн шилдэг арга юм.
Гэрээг зөвхөн хэлбэр төдий цаас эсхүл үндсэн тохиролцоогоо баталгаажуулах хэрэгсэл төдийхнөөр харах нь маш том алдаа болдог.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116.3-д “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан байдаг. Харин тус хуулийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хожим гэрээний талуудын хооронд гэрээний гүйцэтгэл эсхүл дутуу үүргийн талаар болон бусад асуудлаар маргаан гарлаа гэхэд түүнийг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн гэрээний агуулга, зохицуулалт, түүний дагуу талуудын бүрдүүлсэн нотлох баримт буюу харилцсан албан бичиг, чат, бодит гүйцэтгэл зэргийг үнэлэн үзэж шийдвэр гаргах шаардлагатай болдог.
Гэтэл нийтлэг гардаг алдаа нь гэрээгээр хэт ерөнхий зохицуулалт хийснээс болоод талууд ямар хэмжээний үүрэг гүйцэтгэсэн, ямар хэмжээний үүрэг гүйцэтгэгдээгүй эсхүл ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн, ямар хэмжээний дутагдал байгаа гэх мэт асуудлыг тодруулахад хүндрэлтэй болдог.
Тухайлбал, байшин бариулахаар гэрээ байгуулахдаа зураг гаргах, улмаар гэрээний нийт үнэлгээндээ тааруулан материал төсвийн жагсаалт хийх, гүйцэтгэлийн хугацаа, ажлын зардал зэргийг нарийн тусгалгүй талбайн хэмжээ, ерөнхий материал л заадаг. Гэтэл байшингийн гүйцэтгэл дутуу үед ямар нэг байдлаар маргаан үүслээ гэхэд гүйцэтгэлийг үнэлэхэд хүндрэл учирдаг. Гэтэл гэрээ байгуулах үедээ талууд гэрээний чөлөөт байдлын дагуу өөрсдөө үнэ, хөлс тогтоосон, тэр нь зах зээлийн ханшнаас өөр байх нь элбэг. Иймээс маргаан гарсан үед зах зээлийн ханшаар тооцоог гаргах боломжгүй буюу талуудын хүсэл зоригоос зөрдөг. Гэвч гэрээ байгуулсан талууд нь хүртэл ойлголцох боломжгүй үед шүүх түүнийг хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй, улмаар талуудын аль аль нь сэтгэл дундуур үлдэх нөхцөл үүсдэг.
Иймд гэрээгээр тухайн зохицуулж байгаа харилцаагаа аль болох дэлгэрэнгүй зохицуулах, улмаар үл ойлголцол үүссэн нөхцөлд хэрхэн асуудлыг шийдвэрлэх (тухайлбал хэрхэн үнэ тодорхойлох гэх мэт) арга замыг тусгах, улмаар талууд сайн дураараа шийдвэрлэж чадахгүй нөхцөлд хэрхэн маргаанаа шийдвэрлэх арга зам (шүүх, арбитр, үл маргах журам гэх мэт) нь чухал.
1. Гэрээ гэж юу вэ?
Монгол Улсын Иргэний хуульд зааснаар гэрээ гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээдүүд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, тодорхой эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, эсхүл дуусгавар болгохоор харилцан тохиролцсон хэлцэл юм.
2. Гэрээгээр зохицуулах харилцаа
Гэрээгээр эдийн болон эдийн бус харилцааг зохицуулах бөгөөд Монгол улсын Иргэний хуульд 40 гаруй төрлийн гэрээг зохицуулсан байдаг.

Гэрээг ямар харилцаа зохицуулж буйгаар нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:
- Өмчлөх эрх шилжүүлэх: Худалдах-худалдан авах, арилжаа, бэлэглэл.
- Эд хөрөнгө ашиглуулах: Түрээс, эд хөрөнгө хөлслөх, лизинг.
- Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх: Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах, тээвэр, даатгал.
- Санхүүгийн харилцаа: Зээл, хадгаламж, батлан даалт.
- Оюуны өмч: Лицензийн гэрээ, франчайз гэх мэт.
Мөн Иргэний хуульд шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж нэрлэдэг ба нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамааран, талууд чөлөөтэйгөөр агуулгаа тодорхойлон байгуулж болдог (189.5).
3. Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл
Гэрээ нь дараах тохиолдолд хууль ёсны дагуу хүчин төгөлдөр байна:
- Гэрээ утга агуулгаараа хуульд нийцсэн байх (хууль зөрчөөгүй байх, гол, ердийн, стандарт нөхцөлүүд агуулгаараа хуульд нийцсэн байх, талуудын эрх, үүрэг бодитоор хэрэгжих боломжтой байх)
- Гэрээний хэлбэр хуульд нийцсэн байх
- Гэрээний субъектүүд тухайн гэрээ байгуулах эрх зүйн чадамжтай байх
- Хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл үр дагавар нэгдэлтэй байх

4. Гэрээний хэлбэр
Гэрээг ямар хэлбэрээр байгуулах нь түүний хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлдөг.
- Аман хэлбэр: Талууд харилцан тохиролцож, үгээр илэрхийлэх. (Жишээ нь: Захаас хүнс авах)
- Бичгийн хэлбэр: Талууд хүсэл зоригоо цаасан дээр буулгаж, гарын үсэг зурж баталгаажуулах.
- Бодит үйлдлээр байгуулах хэлбэр: Тодорхой үйлдэл хийснээр байгуулагдсанд тооцогддог.
Мөн зарим нэг гэрээг заавал нотариатаар батлуулсан байхыг шаарддаг. Түүнчлэн хуульд зааснаар зарим гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр байгуулсанд тооцдог тул нотариат, бүртгэлийн шаардлагыг хэлбэрийн шаардлагаас гадна нэмж хангасан байх ёстой.
Хуульд бичгээр байгуулахаар эсхүл нотариатаар батлуулахаар заасан гэрээг тухайн шаардлагыг хангаагүй байгуулсан нөхцөлд тухайн гэрээ анхнаасаа үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус болдог.
5. Гэрээний гол нөхцөлүүд
Гэрээ бүрт заавал байх ёстой зүйлсийг гол нөхцөл гэнэ. Хэрэв эдгээр зүйлс дээр талууд тохиролцож чадаагүй бол гэрээ байгуулагдаагүйд тооцогдоно.
- Гэрээний зүйл: Юуны тухай гэрээ байгуулж байгаа вэ? (Жишээ нь: Ямар машин зарах, ямар ажил хийх)
- Үнэ, хөлс: Гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн хэмжээ.
- Хугацаа: Үүрэг гүйцэтгэх эхлэх, дуусах хугацаа.
- Талуудын эрх, үүрэг: Хэн, юуг хариуцах вэ?
Мөн гэрээний төрөл, онцлогоос хамааран хуулиар заавал тусгах гол нөхцөлүүдийг зааж өгсөн байдаг. Жишээ нь зээлийн гэрээнд талууд хүү тогтоосон бол гэрээг заавал бичгээр хийх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг (Иргэний хуулийн 282.3).
6. Гэрээ байгуулах: санал ба зөвшөөрөл
Гэрээ нь нэг талын гаргасан санал (гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан, хангалттай тодорхой илэрхийлэл — 195.2)-ыг нөгөө тал зөвшөөрснөөр байгуулагдана (196).Гэрээ байгуулах санал гаргахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
- Тодорхой бус олон этгээдэд хандсан илэрхийлэл (зар сурталчилгаа гэх мэт) нь гэрээ байгуулах санал биш, санал гаргах дуудлага байна (195.4).
- Саналаас өөр нөхцөлөөр зөвшөөрсөн хариу нь шинэ санал гэж тооцогдоно (195.6) — өөрөөр хэлбэл нөхцөл өөрчилсөн хариу гэрээг байгуулахгүй.
- Санал гаргасан тал хууль, гэрээ, саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй (195.5).
- Цахим хэлбэрээр илгээсэн саналыг ердийн боломжит хугацаанд зөвшөөрсөн хариу авснаар гэрээ байгуулагдсанд тооцно (196.1.4).
| ГЭРЭЭНИЙ ЧӨЛӨӨТ БАЙДЛЫН ХУУЛИАР ТОГТООСОН ХЯЗГААР (189) Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг нь өөрсдөө тодорхойлох эрхтэй (189.1). Гэхдээ зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах бөгөөд ийм гэрээ нь зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болдгийг анхаарна уу (189.2–189.3) — зөвшөөрөл гараагүй байхад гарын үсэг зурсан гэрээ хараахан үйлчлэхгүй. Мөн зах зээлд давамгайлж байгаа этгээд өөрт нь хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд тэгш бус нөхцөл тулгах, татгалзах эрхгүй (189.4). |
|---|
7. Гэрээний түгээмэл төрлүүд
1. Худалдах, худалдан авах гэрээ
Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэ нь өмчлөх эрх шилжүүлдэг хамгийн гол гэрээ юм (243).
2. Ажил гүйцэтгэх гэрээ
Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгавраар тодорхой үр дүн (жишээ нь: байшин барих, программ бичих, засвар хийх) гаргах, захиалагч нь уг үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй. Энд "үйл ажиллагаа" биш, эцсийн "үр дүн" чухал байдаг (343).
3. Түрээсийн гэрээ
Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь уг хөрөнгийг ашигласны хариуд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээдэг. Түрээсийн гэрээ нь ихэвчлэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг ашиг орлого олох зорилгоор ашиглахад байгуулагддаг (318).
4. Хөлсөөр ажиллах гэрээ
Ажиллагч нь тодорхой үйлчилгээ үзүүлэх буюу ажил гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээдэг. Энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай нь тодорхой үр дүн гэхээсээ илүүтэй тухайн үйл явц, үйлчилгээг (жишээ нь: зөвлөх үйлчилгээ, хамгаалалтын алба) үзүүлэхэд чиглэгддэг (359).
Түүнээс гадна гэрээг хуульд заасан шаардлагад нийцүүлэн байгуулахаас гадна Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалт болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх онцлогоос шалтгаалж гэрээгээр харилцаагаа маш нарийн зохицуулах шаардлагатай.
Мөн гэрээг үнэн санаанаасаа бус эсхүл өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн нөхцөлд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байдаг. Практикт худалдах худалдан авах гэрээний оронд бэлэглэлийн гэрээ хийх эсхүл үнэ хямдруулан гэрээ байгуулах нөхцөл их байдаг. Гэтэл эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд гэрээлэгч тал хүчин төгөлдөр бусад тооцуулж гэрээний дагуу шилжүүлэн өгсөн зүйлээ буцаан авах боломжтой байдаг.
| ЗӨВЛӨМЖ Хоорондын харилцсан баримт гэрээг өөрчилж болно: гэрээний гүйцэтгэлтэй холбоотой албан бичиг, акт, чат, төлбөрийн баримт бүрийг хадгалж хэвшээрэй — маргааны үед шүүх зөвхөн хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргана. Маргаан шийдвэрлэх заалтыг бүү орхигдуул: үнэ тодорхойлох арга, гомдол шийдвэрлэх дараалал, харьяалах шүүх эсхүл арбитрын заалтыг гэрээндээ урьдчилан тусгаснаар маргааны зардал, хугацааг эрс багасгана. |
|---|