САНХҮҮГИЙН ТАЙЛАН БА ТАТВАРЫН ЗОХИЦУУЛАЛТ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАЙЛАГНАЛ, ТАТВАРЫН ҮНДСЭН ҮҮРЭГ, ХУГАЦАА
Санхүүгийн тайлан бол компанийн хуулиар хүлээсэн хөтлөвөл зохих баримт бичгийн нэгээс гадна танай компанийг гаднаас харах цон болдог. Тухайлбал, банк зээл олгохдоо, хөрөнгө оруулагч хувьцаа авахдаа, түнш гэрээ байгуулахдаа, татварын алба ногдуулалт хийхдээ бүгд санхүүгийн тайланг үндэслэдэг. Харилцагч санхүүгийн байгууллагаар баталгаажсан цахим тайлан нь татвар, хураамж, шимтгэлийн тооцооллын үндэслэл болдог тул (НББ 9.6) санхүүгийн тайлан, татварын мэдээллийн зөрүү бүр татварын шалгалтын шууд шалтгаан болдог.
1. Санхүүгийн тайлан: бүрэлдэхүүн, стандарт, хариуцлага
Санхүүгийн тайлан таван бүрэлдэхүүнтэй (НББ 8.1): санхүүгийн байдлын тайлан; орлогын дэлгэрэнгүй тайлан; өмчийн өөрчлөлтийн тайлан; мөнгөн гүйлгээний тайлан; санхүүгийн тайлангийн тодруулга.
- Стандарт: Хөрөнгийн биржид бүртгэлтэй болон бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани, тусгай зөвшөөрөлтэй (банк, санхүү, уул уурхай зэрэг) этгээд, төрийн өмчит компани, жилийн борлуулалт нь 2.5 тэрбумаас дээш аж ахуйн нэгж СТОУС-ыг заавал мөрдөнө.
- Гарын үсэг, хариуцлага: Гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд тайлангийн үнэн зөвийг гүйцэтгэх удирдлага хариуцна (8.4).
- Нэгтгэсэн тайлан: Охин компанитай толгой компани нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана; толгой компани нь гадаадад бүртгэлтэй бол Монгол дахь дээд шатны охин компани завсрын нэгтгэсэн тайлан гаргана (8.3)
- Анхан шатны баримт: Баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, тайланд тусгахыг хориглоно (13.7); жилийн тайлан гаргахын өмнө хөрөнгө, төлбөр тооцооны тооллого заавал хийнэ (12.2.1); бүртгэлийн баримт, тайланг 10-аас доошгүй жил хадгална (11.1).
2. Тайлангийн хуанли:
Санхүүгийн тайланг харилцагч санхүүгийн байгууллагад, татварын тайланг харьяалах татварын албанд тус тус цахимаар хүргүүлнэ. Гол хугацаанууд:
| Тайлан | Хугацаа | Хэнд хамаарах |
|---|---|---|
| Хагас жилийн санхүүгийн тайлан | 07 сарын 20 | СТОУС мөрдөгч (НББ 10.3) |
| Жилийн санхүүгийн тайлан | Дараа оны 02 сарын 10 | Бүх аж ахуйн нэгж (НББ 10.3, 10.5) |
| Нэгтгэсэн санхүүгийн тайлан | Дараа оны 03 сарын 01 | Охин компанитай толгой компани (НББ 10.4) |
| НӨАТ-ын төлөлт, тайлан | Сар бүр, дараа сарын 10 | НӨАТ суутган төлөгч (НӨАТ 16.1) |
| ХХОАТ суутгасны улирлын тайлан | Дараа улирлын эхний сарын 20 | Цалин олгохоос үл хамаараад бүх ажил олгогч (ХХОАТ 27.1) |
| ААНОАТ улирлын тайлан | Дараа улирлын эхний сарын сүүлийн өдөр | Жилийн 6 тэрбум₮+ орлоготой (ААНОАТ 26.1) |
| ААНОАТ хагас жилийн тайлан | 08 сарын 05 | 6 тэрбум₮ хүртэлх орлоготой, шинэ ААН (26.2) |
| ААНОАТ, ХХОАТ жилийн тайлан | Дараа оны 03 сарын 05 | Бүх татвар төлөгч (26.1–26.2, ХХОАТ 27.1) |

3. Татварын үндсэн төрөл, хувь хэмжээ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)
Жилийн 0–6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах орлогод 10 хувиар, 6 тэрбумаас дээш давсан хэсэгт 25 хувиар ногдуулна (20.1). Жилийн 300 сая₮ хүртэлх орлоготой, уул уурхай, согтууруулах ундаа, тамхи зэрэг хязгаарласан салбараас бусад чиглэлийн жижиг ААН татварын албанд бүртгүүлснээр 1 хувийн хөнгөлөлттэй горимд хамрагдаж болно (20.2.7, 29). Ногдол ашиг, эрхийн шимтгэл, хүүгийн орлогод 10 хувь (20.2.1); Монголд байрладаггүй этгээдэд олгосон орлогод 20 хувийн суутгах татвар (20.2.4) ногдох тул гадаад толгой компанидаа ногдол ашиг, зээлийн хүү, менежментийн төлбөр шилжүүлэхдээ давхар татварын хэлэлцээрийг заавал шалгаарай.
Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшууллын жилийн 0–120 сая₮-д 10%, 120–180 саяд 15%, 180 саяас дээшид 20% (21.1). Ажил олгогч татварыг цалингаас суутган тооцож, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг 03 сарын 05-ны дотор өссөн дүнгээр гаргана (27.1). Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний хөлс мөн суутгалд хамаарна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)
Борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнэлгээнд 10 хувиар ногдуулна (11.1). Борлуулалтын орлого 50 сая₮-т хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргана (4.1.8, 6.1); сайн дураар эрт бүртгүүлж, худалдан авалтын НӨАТ-аа хасч тооцох боломжтой. Татварыг сар бүр дараа сарын 10-ны дотор төлж, тайлагнана (16.1).

| 2027 ОНЫ 1 САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИХ ӨӨРЧЛӨЛТҮҮД (2026.06.26-ны хууль) ААНОАТ гурван шатлалтай болно: 0–6 тэрбумд 10%, 6–10 тэрбумд 15%, 10 тэрбумаас дээшид 25% (20.1). ХХОАТ-д жилийн 9,504,000₮ хүртэлх орлогод 0%-ийн шатлал нэмэгдэнэ (21.1.1); 2028 оноос 24 сая₮ хүртэлх орлогод 1%-ийн шатлал үйлчилнэ (21.1.2). НӨАТ-ын бүртгэлийн босго 50 сая₮-өөс 400 сая₮ болж өснө (4.1.8) — босго доогуур орох жижиг ААН-ууд бүртгэлээс гарах эсэхээ төлөвлөх хэрэгтэй. |
|---|
4. Хариуцлага, хөөн хэлэлцэх хугацаа
- Алданги: Хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг жил бүр санхүү, төсвийн сайд Монголбанкны зарласан арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүгээс 20 хувиар илүү байхаар тогтооно (ТЕХ 73.1.1). Тайланд залруулга хийсэн нь өмнө тооцсон алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй (31.5–31.6).
- Хөөн хэлэлцэх хугацаа — 4 жил: Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх хугацаа 4 жил (ТЕХ 15.1). Харин татварын өр төлүүлэхэд энэ хугацаа хамаарахгүй (15.2); маргаан таслах зөвлөл, шүүхээр хянагдаж байх хугацаанд тасалдана (15.4). Нөхөн ногдуулалт өмнөх 4 жилийг хамарна (16.5).
- Нөхөн ногдуулалтын акт: Акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийг гардуулснаас хойш ажлын 15 өдөрт төлөөгүй бол татварын өрд тооцно (50.1.3).
- Баримт хадгалалт: Татварын баримт, бүртгэлийг хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгална (ТЕХ 29.1.5); НББ-ийн баримт, санхүүгийн тайланг 10-аас доошгүй жил хадгална (НББ 11.1).