Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх
Хэрэв гэрээндээ арбитраар маргаан хянан шийдвэрлүүлэхээр заалт тусгасан бол таны маргаан шүүхийн гурван шатыг дамжихгүй бөгөөд арбитрын үндсэн шийдвэр гармагц эцсийнх болж, дахин давж заалдах шат байхгүй болно.
Түүнээс гадна, талууд маргаанаа шийдвэрлүүлэх арбитрчаа өөрсдөө сонгох боломжтой байдаг тул тухайн асуудлаар илүү мэргэшсэн хүмүүсийг сонгож ажиллуулах давуу талтай байна.
Яагаад арбитрыг сонгодог вэ?
Арбитр гэдэг нь талууд маргаанаа аливаа улсын энгийн шүүхийн оронд өөрсдийн сонгосон хараат бус арбитрчдаар эцэслэн шийдвэрлүүлэхээр тохирсон хувийн процесс юм. АТХ-ийн 7.1–7.5 дугаар зүйлд зааснаар, арбитр байнгын (жишээ нь, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр) болон тухайн маргаанд зориулж байгуулах түр арбитр гэсэн хоёр хэлбэртэй байна.
Арбитрын давуу талууд:
✓ Эцсийн шийдвэр — давж заалдахгүй
Арбитрын үндсэн шийдвэрт давж заалдах, хяналтын шат байхгүй; зөвхөн хуульд заасан цөөн процестой холбоотой үндэслэлээр хүчингүй болгуулах өргөдөл гаргаж болдог(47). Гурван шат дамждаг шүүхээс хамаагүй богино процесстой.
✓ Гадаадад гүйцэтгэгдэнэ
1958 оны Нью-Йоркийн конвенцын гишүүнээр Монгол Улс 1994 онд нэгдэн орсон бөгөөд Монголд эсхүл аль нэг улсад гарсан арбитрын шийдвэр тухайн конвенцын гишүүн 170 гаруй гишүүн улсад хүлээн зөвшөөрөгдөж гүйцэтгэгддэг (48.1). Харин шүүхийн шийдвэрт ийм өргөн хүрээний үйлчлэл байхгүй.
✓ Нууцлал
Талууд өөрөөр тохироогүй бол арбитрын шийдвэр, ажиллагааны мэдээллийн нууцлалыг талууд, арбитрын бүрэлдэхүүн, байнгын арбитр хадгалах үүрэгтэй (50.1). Харин шүүхийн хувьд хаалттайгаас бусад бүх шийдвэр shuukh.mn сайтад нийтлэгддэг.
✓ Талуудын эрх чөлөө
Арбитрчийн тоо, томилох журам (12–13), ажиллагааны хэл (34), харьяалал буюу арибтрын улс (32), хэрэглэх хууль (40), процедурын журмаа (31.1) талууд өөрсдөө тохирно. Тэр тусмаа олон улсын гэрээнд энэ уян хатан байдал шийдвэрлэх ач холбогдолтой.
Хэзээ тохирох. Гэрээ байгуулахдаа арбитр, түүний журмыг гэрээнд урьдчилан тусгаж болох, эсхүл маргаан үүссэний дараа ч талууд харилцан тохиролцож сонгох боломжтой байна.
Арбитрын хэлэлцээр: нэг заалт — бүхэл процесс
Арбитрын хэлэлцээр нь гэрээний нэг заалт, эсхүл бие даасан гэрээ байж болох бөгөөд энэ талаар АТХ-ийн 8.2 дугаар зүйлд заасан байна. Хэлэлцээрийг бичгээр хийх ёстой бөгөөд энэ нь мөн хуулийн 8.3 дугаар зүйлд заасан байна, гэхдээ мөн хуулийн 8.5–8.7 дугаар зүйлд зааснаар и-мэйл, цахим өгөгдөл солилцоо ч мөн “бичгээр” гэж тооцогддог. Түүнчлэн, нэхэмжлэл, тайлбартаа хэлэлцээр байгааг дурдаад нөгөө тал үгүйсгээгүй бол мөн хуулийн 8.8 дугаар зүйлд зааснаар хүчинтэй арбитрын хэлэлцээр гэж үзнэ.
- Тусгаар байх зарчим: Арбитрын хэлэлцээрийн тусгаар байх зарчмын дагуу, үндсэн гэрээ хүчингүй болсон ч түүний доторх арбитрын заалт бие даан хүчинтэй хэвээр үлдэх бөгөөд энэ нь мөн хуулийн 8.10 дугаар зүйлд заасан байна.
- Шүүхийн хүлээн авахгүй: Арбитрын хэлэлцээртэй атлаа нэг тал шүүхэд нэхэмжлэл гаргавал шүүх хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд, энэ хооронд арбитр ажиллагаагаа үргэлжлүүлж, шийдвэрээ ч гаргаж болохыг мөн хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан.
Арбитрын заалтыг зөв бичих: Арбитрын нэрийг зөь бичих нь хамгийн чухал. Харин арбитрын харьяалал/суудал (32); хэл (34); хэрэглэх хууль (40.1); арбитрчийн тоо (12.2) зэргийг эсхүл аль нэгийг нь орхивол хууль, арбитрын дүрмээр зохицуулж болдог.
А Арбитрын ажиллагааны явц:
ШАТ 01 Ажиллагаа эхлэх
Талууд өөрөөр тохироогүй бол маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагаа эхэлнэ (33.1). Байнгын арбитрт хандаж байгаа бол түүний дүрмээр нэхэмжлэлээ бүртгүүлж, урьдчилгаа хураамжаа төлнө; зардалд арбитрчийн хөлс, байнгын арбитрын үйлчилгээний хөлс, шинжээч, хууль зүйн туслалцааны зардал багтана (41.2).
Гомдол гаргах эрхээ алдах: Хэрэв хэлэлцээр, журмын зөрчлийг мэдсээр байж даруй, эсхүл тогтоосон хугацаанд гомдол гаргалгүй ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсон бол, талын гомдол гаргах эрх мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар татгалзсанд тооцогдоно.
Арбитрын бүрэлдэхүүн 30 хоног — арбитрч томилох алхам бүрд (13.4)
ШАТ 02 Арбитрын бүрэлдэхүүн байгуулах
Талууд арбитрчийн тоог тохироогүй бол мөн хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар гурван арбитрч ажиллах бөгөөд тал тус бүр нэг арбитрч томилж, тэдгээр хоёр арбитрч гурав дахийг буюу даргалагчийг томилно. Аль нэг тал 30 хоногт арбитрчаа томилоогүй, эсхүл хоёр арбитрч 30 хоногт тохироогүй бол шүүх, эсхүл эрх бүхий этгээд (байнгын арбитрын дүрмээр) арбитрчийг томилох бөгөөд энэ шийдвэр эцсийнх байхыг мөн хуулийн 13.4–13.6 дугаар зүйлд заасан байна. Олон улсын маргаанд шүүх дан болон гурав дахь арбитрчийг аль болох талуудаас өөр иргэншилтэй хүнээс томилохыг мөн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан байна.
Арбитрчийг татгалзан гаргах (14–15): арбитрч хараат бус, бие даасан байдалдаа эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлаа мэдэгдэх үүрэгтэй (14.1). Татгалзах хүсэлтийг үндэслэлийг мэдсэнээс хойш 14 хоногт арбитрын бүрэлдэхүүнд бичгээр гаргаж, бүрэлдэхүүн 30 хоногт шийднэ (15.2). Хангаагүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш олон улсын ажиллагаанд 30, дотоодынд 14 хоногт шүүхэд гомдол гаргана — шүүхийн шийдвэр эцсийнх; гомдол хянагдах хооронд бүрэлдэхүүн ажиллагаагаа үргэлжлүүлж болно (15.3).
Түр арга хэмжээ — түр арга хэмжээг ажиллагааны өмнө ч, явцад ч (11.1, 19.1)
ШАТ 03 Түр арга хэмжээ: хөрөнгө, нотлох баримтаа хамгаалах
Арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын хүсэлтээр нөхцөл байдлыг хэвээр хадгалах, хохирлыг нэмэгдүүлэхгүй байх, шийдвэрийн биелэлтийг хангах хөрөнгийг хамгаалах, нотлох баримтыг хамгаалах түр арга хэмжээ авч болно (19.2). Хүсэлт гаргагч хохирлын харьцаа, ялах магадлалаа нотолж (20.1), санхүүгийн баталгаа гаргахыг шаардаж болно (24).
Хэрэг хянан шийдвэрлэх — нэхэмжлэл, тайлбар, нотлох баримт (35.1)
ШАТ 04 Хэрэг хянан шийдвэрлэх: тайлбар, нотлох баримт, хуралдаан
Талууд тэгш эрхтэй, байр сууриа илэрхийлэх бүрэн боломжоор хангагдана (30.1). Нэхэмжлэгч үндэслэлээ, хариуцагч тайлбараа тогтоосон хугацаанд гаргаж, нотлох баримтаа хавсаргана (35.1–35.2); хугацаа хожимдуулснаас бусад тохиолдолд аль ч шатанд нэхэмжлэл, тайлбараа өөрчилж болно (35.3). Аль нэг тал хүсвэл арбитр биечлэн оролцох хуралдаан заавал хийнэ (36.2); шинжээч томилж (38), нотлох баримт гаргуулахад шүүхийн туслалцаа авч болно (39.1). Нотлох баримтын хамаарал, ач холбогдлыг арбитрын бүрэлдэхүүн өөрөө үнэлнэ (31.2).
Шүүхээс ялгаатай дүрэм: хариуцагч тайлбар ирүүлээгүй нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдохгүй ч ажиллагаа үргэлжилнэ (37.1.2). Харин хуралдаанд ирээгүй, баримтаа өгөөгүй тал байвал арбитр цугласан нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргана (37.1.3).
Арбитрын үндсэн шийдвэр — гурван арбитрчтай бол шийдвэр олонхоор (42.1)
ШАТ 05 Арбитрын үндсэн шийдвэр
Маргааныг талуудын сонгосон хууль, тохироогүй бол арбитрын тохиромжтой гэж үзсэн материаллаг эрх зүйн хэм хэмжээгээр, гэрээний нөхцөл, худалдааны зан заншлыг харгалзан шийдвэрлэнэ (40). Шийдвэрийг бичгээр, эсхүл цахимаар үйлдэж, олонх гарын үсэг зурснаар хүчинтэй; үндэслэл, огноо, харьяаллыг заана (44). Талууд эвлэрвэл нөхцөлийг нь үндсэн шийдвэрийн адил хүчинтэй эвлэрлийн шийдвэр болгон баталгаажуулж болно (43).
Шийдвэр гарсны дараах 30 хоногийн засварын хугацаа (46): шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногт тооцоо, бичилтийн алдааг засуулах (46.1), тодорхой хэсгийг тайлбарлуулах (46.2), хэлэлцэгдсэн атлаа шийдвэрт орхигдсон шаардлагаар нэмэлт шийдвэр гаргуулах хүсэлт тавьж болно. Арбитр нэмэлт шийдвэрээ 60 хоногт гаргана (46.5).
Шийдвэр хүчингүй болгуулах - 30/90 хоног — хүлээн авснаас — хүчингүй болгуулах өргөдөл: дотоодын 30, олон улсын 90 (47.3)
ШАТ 06 Шийдвэр хүчингүй болгуулах
Давж заалдах шат байхгүй ч процессын асуудлаар гомдол гаргаж болно. Шийдвэрийг эс зөвшөөрсөн тал зөвхөн давж заалдах шатны шүүхэд (олон улсын ажиллагаанд — нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, 6.2) хүчингүй болгуулах өргөдөл гаргах бөгөөд шүүх зөвхөн дараах үндэслэлээр хүчингүй болгоно (47.2):
- хэлэлцээрийн тал эрх зүйн чадамжгүй, эсхүл хэлэлцээр хүчин төгөлдөр бус;
- арбитрч томилох, ажиллагааны талаар зохих ёсоор мэдэгдээгүйгээс оролцох боломжгүй байсан;
- нэхэмжлэлд тусгаагүй, хамааралгүй асуудлаар шийдвэрлэсэн (салгах боломжтой бол зөвхөн тухайн хэсгийг);
- бүрэлдэхүүн, ажиллагаа талуудын тохиролцоо, хуульд нийцээгүй;
- шүүх өөрөө: маргаан арбитрын харьяаллынх биш, эсхүл шийдвэр Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн гэж тогтоосон.
Шүүх зохимжтой гэж үзвэл ажиллагааг арбитрт буцааж, дутагдлыг арилгах боломж олгож болно (47.4). Шүүхийн шийдвэр эцсийнх (47.5).
Гүйцэтгэл - 3 жил — гүйцэтгэх ажиллагаа үүсгэх (ШШГтХ 18.1.2)
ШАТ 07 Хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх
Аль улсад гарснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэйд тооцож, хариуцагчийн оршин суугаа, эсхүл хөрөнгийн газрын анхан шатны шүүхэд (6.3) өргөдөл гаргаснаар энэ хууль болон 1958 оны Нью-Йоркийн конвенцод заасан журмаар гүйцэтгэнэ (48.1). Шийдвэрийн эх хувь, эсхүл баталгаажсан хуулбар, монгол хэлээр гараагүй бол орчуулгыг хавсаргана (48.2). Шүүх агуулгыг нь дахин хянахгүй — гүйцэтгэхээс татгалзах үндэслэл нь конвенцын V зүйлтэй ижил хаалттай жагсаалт (49.1). Шийдвэрийг гаргасан улсад нь хүчингүй болгуулах маргаан явагдаж байвал шүүх хуралдааныг хойшлуулж, баталгаа гаргуулж болно (49.2). Үүний дараа гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ердийн албадлагын арга хэмжээ (данс битүүмжлэх, хөрөнгө худалдах гэх мэт) эхэлнэ.
ОУ Олон улсын арбитр ба Монгол Улс
Талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулдаг, харьяалал нь гадаадад, эсхүл үүргийн гол гүйцэтгэл өөр улсад бол ажиллагаа олон улсын гэж тооцогдоно (3.2) — хүчингүй болгуулах 90 хоногийн хугацаатй бөгөөд нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандана. Монголын 2017 оны хууль өөрөө НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL)-ын Загвар хуульд үндэслэсэн тул олон улсын практиктай адил.
1958 Нью-Йоркийн конвенц — арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх
Арбитрын гол давуу тал: гишүүн 170 гаруй улсын аль ч шүүх арбитрын шийдвэрийг агуулгаар нь дахин хянахгүйгээр, зөвхөн V зүйлийн хаалттай үндэслэлээр шалгаад, гүйцэтгэдэг. Монгол Улс 1994 онд нэгдэн орсон бөгөөд харилцан адил байх ба худалдааны шинжтэй харилцааны маргаанд хэрэглэх тайлбартай. 2024 оны нэмэлтээр конвенцыг Арбитрын тухай хуулийн 48.1-д шууд нэрлэн заасан.
Практик утга: Монголд гарсан шийдвэрээр БНХАУ, Сингапур, ХБНГУ дахь хөрөнгөөс, гадаадад гарсан шийдвэрээр Монгол дахь хөрөнгөөс гаргуулж болно.
1965 Вашингтоны конвенц (ICSID) — хөрөнгө оруулагч ба төрийн маргаан
Гадаадын хөрөнгө оруулагч хүлээн авагч улстайгаа маргалдвал Дэлхийн банкны дэргэдэх ICSID төвд арбитраар шийдвэрлүүлэх тогтолцоо. Монгол Улс 1991 онд нэгдэн орсон. ICSID-ийн шийдвэр гишүүн улсад эцсийн шүүхийн шийдвэртэй адилтган шууд гүйцэтгэгддэг онцлогтой.
Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээнд түгээмэл сонголт.
40+ Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд (BIT) ба Эрчим хүчний хартийн гэрээ
Монгол Улс БНХАУ, ОХУ, Япон, Герман зэрэг 40 гаруй улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах хоёр талт хэлэлцээртэй бөгөөд Эрчим хүчний хартийн гэрээний гишүүн. Эдгээр нь хөрөнгө оруулагчид төрийн эсрэг олон улсын арбитрт шууд хандах эрх олгодог; Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013) ч маргааныг арбитраар шийдвэрлэх сонголтыг баталгаажуулдаг.
Гадаадын арбитрын шийдвэрийг Монголд гүйцэтгүүлэх зам
— 01 Өргөдөл + баримт: Хариуцагчийн оршин суугаа, эсхүл хөрөнгийн газрын анхан шатны шүүхэд (6.3); шийдвэрийн эх/баталгаажсан хуулбар + монгол орчуулга (48.2)
— 02 Шүүхийн хязгаарлагдмал хяналт: Агуулгыг дахин хянахгүй; зөвхөн 49.1-ийн (конвенцын V зүйлтэй ижил) үндэслэлээр татгалзана; гадаадад хүчингүйдэх маргаантай бол хойшлуулж, баталгаа гаргуулж болно (49.2)
— 03 Гүйцэтгэх хуудас: Хүлээн зөвшөөрснөөр гүйцэтгэх хуудас олгогдож, ШШГтХ-ийн дагуу албадан гүйцэтгэнэ — ажиллагаа үүсгэх цонх 3 жил (18.1.2)
— 04 Албадлагын арга хэмжээ: Данс битүүмжлэх, хөрөнгө худалдах, 50 сая ₮-өөс дээш төлбөрт гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх зэрэг ердийн механизм үйлчилнэ
Гадаадын иргэн, байгууллага, тэдгээрийн хөрөнгөд ажиллагаа явуулахын өмнө халдашгүй дархан эрх, ямба эдлэх эсэхийг шалгадаг (ШШГтХ 115.2). Конвенцод нэгдсэн он, тайлбарын мэдээллийг гэрээ байгуулахын өмнө тухайн үеийн албан эх сурвалжаас давхар нягтлахыг зөвлөж байна.
Арбитр ба төрийн шүүх: гол ялгаа
| Шалгуур | Арбитр | Төрийн шүүх |
|---|---|---|
| Шатлал | Нэг шат; давж заалдахгүй — зөвхөн хүчингүй болгуулах өргөдөл 30/90 хоногт (47) | Гурван шат: анхан → давж заалдах (14 хоног) → хяналтын (14 хоног) |
| Шийдвэрлэгч | Талуудын сонгосон арбитрч(ид); салбарын мэргэшил, иргэншлийг тохирч болно (13) | Хуваарилагдсан шүүгч; сонгох эрхгүй |
| Ил тод байдал | Нууц — талууд өөрөөр тохироогүй бол (50.1) | Хуралдаан зарчмын хувьд нээлттэй, шийдвэр нийтлэгддэг |
| Хэл, хууль, журам | Талууд чөлөөтэй тохирно (31, 34, 40) | Монгол хэл, Монголын процессын хууль |
| Гадаадад гүйцэтгэх | Нью-Йоркийн конвенцоор 170 гаруй улсад (48.1) | Зөвхөн эрх зүйн туслалцааны гэрээтэй цөөн улсад |
| Түр арга хэмжээ | Арбитрын бүрэлдэхүүнээс (19), шүүхээр албадан гүйцэтгүүлнэ (27); шүүхээс ч авч болно (29) | Шүүгчийн захирамжаар (ИХШХШтХ 69) |
| Зардал | Арбитрч, байгууллагын хөлс — маргааны үнээс хамаарч өндөр байж болно (41) | Улсын тэмдэгтийн хураамж — харьцангуй бага |
| Хугацаа (нийт) | Ихэвчлэн богино: нэг шат, эцсийн | Гурван шат дамжвал урт үргэлжилж болно |