Хууль зүй

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (ТУЗ)-ИЙН ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Компанийн засаглал гэдэг нь зөвхөн удирдлагын бүтэц биш, тухайн бизнесийн урт хугацааны оршин тогтнох үндэс, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх суурь юм. Засаглалын гол тулгуур нь Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байдаг.

Монгол Улсын хүчин төгөлдөр хэрэгжиж буй Компанийн тухай хуулийн (цаашид “КтХ” гэх) дагуу компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) байна. Хувьцаа эзэмшигчид компанийн өмчлөгчийн эрхийг эдэлдэг бол Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тэдний ашиг сонирхлыг төлөөлөн компанийн стратеги, удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Компанийн амжилттай үйл ажиллагаа нь эдгээр эрх бүхий этгээдүүдийн харилцан хамаарал, хуулийн хэрэгжилтээс шууд хамаардаг.

1. Хувьцаат компани (ХК) болон Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийн ТУЗ-ийн ялгаа

ШалгуурХувьцаат компани (ХК)Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)
ТУЗ байгуулахЗаавал байгуулна (75.2)Дүрэмд өөрөөр заагаагүй бол ТУЗ-гүй байж болно (75.2)
Гишүүдийн тоо9 буюу түүнээс дээш (75.4)Дүрмээр чөлөөтэй тогтооно (75.3)
Хараат бус гишүүнНийт гишүүдийн 1/3-ээс доошгүй (75.4)Дүрэмд заасан бол байж болно (75.5)
ТУЗ-ийн хороодАудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хороод заавал; гишүүдийн 2/3-аас доошгүй нь хараат бус, аудитын хорооны дарга хараат бус гишүүн (81.2, 81.4)Шаардлагатай гэж үзвэл байгуулж болно (81.1)
СонгуульКумулятив аргаар; ердийн, хараат бус гишүүдийн саналыг тусад нь тоолно (77.4)Дүрмээр тогтоосон журмаар (77.1)

ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай (75.8).

2. Компанийн суурь баримт бичгүүд

Компанийн дүрэм

Компанийн эрх зүйн байдал, удирдлагын бүтэц, шийдвэр гаргах журмыг тодорхойлсон үндсэн хууль юм. Компанийн дүрэм нь компанийн засаглалын дүрэм журмыг тодорхойлдог маш чухал бичиг баримт. Хэдий тийм ч маш олон нөхцөлд үүнийг үл тоож, нийтэд нээлттэй загвар дүрмийг ашиглан компаниа байгуулдаг. Ингэснээр ирээдүйд компани засаглалын хямралд орж, асуудлаа шийдэж чадалгүй урт хугацааны маргаан руу ордог.

Компанийн тухай хуулиар компанийн удирдлага, ХЭХ, ТУЗ-ийн шийдэх эрх хэмжээний үндсэн суурь жагсаалтыг заасан ч дүрмээр дэлгэрүүлэх, тэдгээрийн батлагдах саналын эрхийн хэмжээг өсгөж болохоор заасан. Мөн ХЭХ, ТУЗ-ийн ажлын процесс, зохицуулалт Компанийн тухай хуульд маш ерөнхий байдаг тул эдгээрийг нарийвчлан зохицуулах шаардлагатай. Ингээгүйгээс ХЭХ-аа хийж чадахгүй эсхүл ТУЗ нь бодитоор ажиллаж чадахгүй зэрэг засаглалын хямрал руу ордог.

Мөн Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг Компанийн тухай хуулиар нарийн заагаагүй байдаг тул компанийн дүрмээр дэлгэрүүлэх шаардлагатай байдаг. Ийнхүү дэлгэрүүлээгүйгээс болж маш олон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын хооронд маргаан үүсдэг. Мөн Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн хэлцэл хийсэн, эсхүл компани хууль бус үйл ажиллагаанд оролцсон асуудал үүсдэг. Гэтэл эдгээрийг хязгаарлах, эргээд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэс нь Компанийн дүрэм байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээ

Хэдийгээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд хувьцаа эзэмшигчдийн гэрээг шаарддаггүй ч компанийн хувьд маш чухал баримт бичиг юм. Компанийн дүрэм компанийн засаглалын харилцааг зохицуулдаг бол хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь хувьцаа эзэмшигчид хоорондын хувийн харилцааг зохицуулдаг баримт бичиг юм.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр хувьцаа эзэмшигчид тухайн хамтын ажиллагаа, компанитай холбоотойгоор бусад хувьцаа эзэмшигчийн өмнө ямар үүрэг хүлээх талаарх харилцааг голлон зохицуулдаг. Тухайлбал, хувьцаа эзэмшигч нар нь өөр өрсөлдөгч төсөлд хөрөнгө оруулж болох эсэх, хамтарч болох эсэх гэх мэт. Хуульд ч хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болохыг шууд зөвшөөрсөн байдаг (КтХ 4.5).

3. Хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг

Хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх: Хувьцаа эзэмшигчид нь компанийн засаглалд дараах стратегийн эрхүүдийг эдэлдэг:

  • Компанийн ашгаас ногдол ашиг авах;
  • Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;
  • Компанийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;
  • Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх.

Мөн саналын эрх бүхий энгийн хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь ээлжит хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй — саналаа өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор гаргах ба ТУЗ ажлын 15 өдөрт багтаан жагсаалтад оруулах үүрэгтэй, татгалзвал шүүхэд гомдол гаргаж болно (66.1–66.7).

Хувьцаа эзэмшигчийн үүрэг: Компанийн дүрэм, хууль тогтоомжийг сахин биелүүлж, хувьцааны төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. Эрхээ хэрэгжүүлэхдээ компанийн болон бусад хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй байж, шударга ёсны зарчмыг баримтлах хариуцлага хүлээнэ.

4. Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ), түүний эрх зүйн зохицуулалт

ХЭХ нь бүх хувьцаа эзэмшигчдээс бүрдэх, заавал хуралдах компанийн бүтэц юм. КтХ-ийн 59-74 дүгээр зүйлд ХЭХ-ийн бүрэн эрх, хуралдах журам, зарыг нарийвчлан заасан байдаг. ХЭХ-ыг хуралдуулах шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх хуулийн хатуу үүрэг хүлээдэг (КтХ 65.1).

АнгилалХуралдуулах шийдвэр гаргах этгээдХуралдуулах хугацаа
Ээлжит хуралТУЗ (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) (59.4)Санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор (5 дугаар сарын 01-нээс өмнө)
Ээлжит бус хуралТУЗ (байхгүй бол гүйцэтгэх удирдлага); санал, шаардлагыг ТУЗ-ийн 2+ хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч гаргах эрхтэй (61.1.2)ТУЗ ажлын 10 өдөрт шийдвэрлэж (61.4), зөвшөөрвөл 45 хоногийн дотор хуралдуулна (61.9)

Ээлжит бус хурлын бусад үндэслэл: ТУЗ-ийн гишүүдийн 50-иас дээш хувь нь ажиллах боломжгүй болсон (61.1.1); компанийн алдагдал өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн (61.1.3); өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болсон (61.1.4); аудитын хорооны шаардлага (61.1.6) — санхүүгийн хямралын эдгээр босго давагдвал ТУЗ хурал зарлах үүрэгтэй болдгийг хөрөнгө оруулагчид анхаарна уу.

АНХААРАХ ЭРСДЭЛ — Ээлжит хурлаа хийгээгүйн үр дагавар
Хэрэв ээлжит ХЭХ-ыг хуульд заасан 4 сарын дотор хуралдуулаагүй бол ТУЗ-ийн (ТУЗ байхгүй бол гүйцэтгэх удирдлагын) ХЭХ хуралдуулахаас бусад бүх бүрэн эрх дуусгавар болдог (59.5). Энэ хугацаанаас хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байх (59.6) бөгөөд хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгөөр торгох үндэслэл болно. Хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрх дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ (59.7).

5. ХЭХ-ийн шийдвэрийн талаар гомдол гаргах нь (КтХ 70 дугаар зүйл)

ХЭХ-ийн зард хуульд заасан мэдээллүүдийг тусгаж, зохих журмын дагуу хуралдуулаагүй тохиолдолд хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл бий болдог. КтХ-ийн 70.1-д зааснаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрхтэй:

  • Хууль, эрх бүхий байгууллагын журам, компанийн дүрэмд заасны дагуу ХЭХ-ыг зарлаагүй;
  • ХЭХ хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн;
  • Хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн.

(Жич: Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид дээрх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороонд мөн гомдол гаргах эрхтэй байдаг — 70.2.)

6. Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн үндсэн эрх, үүрэг

ТУЗ нь ХЭХ-ийн хоорондын зайд компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, стратеги, бодлогын шийдвэр гаргах эрх бүхий удирдлагын байгууллага юм (75.1). ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдсон гишүүдээс бүрддэг бөгөөд хараат бус гишүүнтэй байх нь засаглалын ил тод байдлыг сайжруулдаг. Гишүүдийн тоо болон бүрэлдэхүүнийг компанийн дүрмээр тодорхойлдог (75.3). Гишүүний бүрэн эрхийн хугацаа дүрэмд өөрөөр заагаагүй бол дараа жилийн ээлжит хурлаар дуусгавар болох ба улируулан сонгож болно (77.2).

ТУЗ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг (76.1). Үүнд:

  • Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратеги, бизнес төлөвлөгөөг батлах;
  • Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, бүрэн эрх, гэрээний нөхцөл, урамшууллыг тогтоох (76.1.8–76.1.9);
  • Санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж ХЭХ-д танилцуулах, ногдол ашгийн хэмжээ, олгох журмыг тодорхойлох (76.1.11–76.1.12);
  • Дотоод хяналт, засаглалын дотоод журмыг батлах (76.1.13);
  • Их хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох (76.1.16–76.1.17) — ХК-ийн хувьд эдгээр асуудлыг хэлэлцэхэд хараат бус гишүүд заавал оролцож санал өгнө (76.2).
ХУРАЛДАХ ЖУРАМ — Дүрмээр нарийвчлах шаардлагатай
Дүрэмд өөрөөр заагаагүй бол ТУЗ сард нэг удаа хуралдана (80.1); эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно (80.4). Хурлын ирц гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор бүрдэж (80.5), шийдвэр нь хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хүчин төгөлдөр болно — хууль, дүрмээр үүнээс өндөр босго тогтоож болно (80.6). Гишүүн бүр саналын нэг эрхтэй (80.9). «Дийлэнх олонх»-ыг хуульд тоогоор тодорхойлоогүй тул компанийн дүрэмд ирц, шийдвэрийн босгыг тоогоор нарийвчлан заахыг зөвлөж байна. Гишүүдийн тоо тогтоосон тооноос хоёр дахин багасвал 3 сарын дотор ээлжит бус ХЭХ хуралдуулж нөхөн сонгоно (80.8). Хурлын тэмдэглэл хууль ёсны баримт бичиг болно (80.11).

7. Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ, үүрэг, хяналт

Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг КтХ-аар зөвхөн “өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж маш ерөнхий зааж, Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээгээр зохицуулахаар тусгасан байдаг. Хэдий тийм ч тухайн компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх, шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, харилцах дансны гүйлгээ хийх гээд маш олон эрх хэмжээг Гүйцэтгэх захирал эдэлдэг.

Гэтэл гүйцэтгэхтэй байгуулсан гэрээг тэр бүр гадагш үзүүлээд байдаггүй. Энэ утгаараа Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг компанийн дүрмээр тодорхой тогтоох хэрэгтэй. Мөн Гүйцэтгэх удирдлагын баг буюу компанийн менежментийн түвшний шийдвэр гаргалт, хяналт, эрх ашгийн зөрчил үүсгэхээс сэргийлэх зохицуулалтыг компанийн дүрэмд тусгаснаар Гүйцэтгэх удирдлага, түүний баг хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчих, компанийг хууль бус үйл ажиллагаанд татан оруулахаас сэргийлнэ.

8. Компанийн засаглал дахь чиг үүргийн хуваарилалт

Байр суурьЭрх, үүрэг, чиглэл
Хувьцаа эзэмшигчСтратегийн гол шийдвэрт санал өгөх, ТУЗ-ийг томилох.
ТУЗСтратеги боловсруулах, хяналт тавих, гүйцэтгэх удирдлагыг хянах.
Гүйцэтгэх удирдлагаӨдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх. Захирлын эрх хэмжээг компанийн дүрмээр тодорхой тогтоох хэрэгтэй.

Энэхүү харилцан хамаарал нь эрх мэдлийн тэнцвэртэй байдал, хяналтын зөв тогтолцоог бий болгож, компанийн тогтвортой хөгжил, хуулийн хүрээн дэх аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

← Мэдлэг рүү буцах

Бизнесийн мэдээллийн товхимол

Долоо хоног, сар тутмын бизнесийн мэдээллийн товхимолыг имэйлээр хүлээн аваарай.