Хууль зүй

МОНГОЛ УЛСАД ГАДААД АЖИЛТАН УРИХ БА АЖИЛЛУУЛАХ

МОНГОЛ УЛСАД ГАДААД АЖИЛТАН УРИХ БА АЖИЛЛУУЛАХ

АЖИЛ ОЛГОГЧИД ЗОРИУЛСАН АЛХАМ АЛХМЫН ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч урих хэрэгцээ тогтмол өсөж байна.

Монгол Улсын хувьд 3.5 сая хүн амын 1.4 сая хүн нь хөдөлмөрийн насны хүн ам байдаг. Үүнээс сүүлийн хэдэн жил буюу Ковид 19-өөс хойш тогтмол 5-6 хувь буюу 70,000-80,000 хүн ажилгүй байна гэж бүртгэгдсэн байдаг.

Харин Монгол Улсын эдийн засаг дунджаар 5-7.2 хувь өсч байгаа. Энэ хэрээр ажлын байрны тоо, эрэлт өсч байгаа.

Нөгөө талаар Монгол Улсын хамгийн том салбар нь уул уурхай, барилгын салбарууд. Гэтэл энэ салбаруудад ажиллах хүчний хомсдол өндөр болсон.

Ийм ч учраас гадаад улсаас ажиллах хүчин авах сонирхол аж ахуйн нэгж, ажил олгогч нарт үүссэн.

Энэхүү үйл явц нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон шинэчлэгдсэн Визийн журам-ын дагуу нарийн дэс дараалалтай явагддаг тул ажил олгогч та бүхэнд зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Ажиллах хүчний визийн ангилал

Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч болон гадаадын хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал нь бизнесийн өндөр түвшний менежментийг хэрэгжүүлэн ажилладаг тул “В1–В3” төрлийн визийн ангилалд хамаардаг.

Бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс нь ажиллаж буй нийгмийн салбар, мэргэжлийн чиглэлээсээ хамаараад “С1–С11” ангиллын визийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр мэдүүлдэг.

Гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх салбар, мэргэжлийн чиглэлээс хамаарч олгогддог “С1–С11” виз нь тухайн ажилд шаардлагатай мэргэжлийн ур чадвар, ажиллах хүчний нөөцийг тодорхойлдог. Тухайлбал: Боловсролын салбарт ажиллах эдийн засагчийг “С4” ангиллын визээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл мэдүүлнэ.

Хуулиар гадаад ажилтны ажлын байрыг удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн гурван төрөлд ангилдаг (21 дүгээр зүйл) бөгөөд төрөл тус бүрд өөр өөр шаардлага, хөнгөлөлт үйлчилдгийг доорх зургаас харна уу.

2. Зөвшөөрөл авах үндсэн үе шат

Ажил олгогч нь гадаад ажилтан Монгол Улсад ирэхээс өмнө болон ирсний дараа дараах дарааллыг баримтална:

  • Дотоодоос ажилтан хайх: Ажлын байрны зарыг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамжуулан нэгдсэн санд байршуулж, ажлын 14 өдрийн турш идэвхтэй хайна (23.1–23.4). Энэ хугацаанд дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтан урих эрх үүснэ.
  • Урьдчилсан зөвшөөрөл: Компани нь дотоодын зах зээлээс тухайн ажлын байранд ажилтан олдоогүйг нотолж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас "Урьдчилсан зөвшөөрөл" буюу урилга авна. Уг зөвшөөрөл 3 сарын хугацаатай олгогдох ба хүндэтгэн үзэх шалтгаантай бол нэг удаа 3 хүртэл сараар сунгуулж болно (23.6–23.7).
  • Визийн зөвшөөрөл: Урьдчилсан зөвшөөрөл дээр үндэслэн ГИХГ-аас визийн зөвшөөрөл мэдүүлнэ.
  • Виз авах: Ажилтан өөрийн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газраас, эсхүл боломжтой тохиолдолд хилээр нэвтрэхдээ визээ авна.
  • Монгол Улсад ирэх: Ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж (24.6), ажил олгогчийн зардлаар хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтад хамрагдана (31).
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл: Хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох баримт бичгийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлж, ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авна. Зөвшөөрлийн хугацаа гэрээ, ажлын байрнаас хамаарч 1 жил хүртэл байх ба цаашид сунгуулна (24.1–24.4, 28.1).
  • Оршин суух зөвшөөрөл ба бүртгэл: Монгол Улсад нэвтэрснээс хойш 21 хоногийн дотор ГИХГ-т биеэр очиж оршин суух зөвшөөрөл авах ёстой.

3. Ажил олгогчийн хүлээх хариуцлага ба Квот

Аж ахуйн нэгж бүр дур мэдэн гадаад ажилтан авах боломжгүй бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

  • Ажиллах хүчний квот: Засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор эдийн засгийн салбар тус бүрээр тогтоодог гадаад ажилтны тоо, хувь хэмжээнд багтсан байх (22.1). Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ихэнх салбарт квот тогтоохгүй байгаа.
  • Ажлын байрны төлбөр: Гадаад ажилтан бүрийн тоогоор сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрийн санд төлнө (32.1). (2026 оны байдлаар 1 ажилтан тутамд сарын 1,584,000₮). Төлбөрийг ажилтны тоо, хугацаагаар тооцож урьдчилан төлөх бөгөөд (32.5) зөвшөөрөл зөрчлийн улмаас цуцлагдвал зөрүүг буцаан олгохгүй (32.7).
  • Дотоодын ажилтан сургах үүрэг: Бүртгэлтэй ажилгүй иргэнийг ажлын байранд дагалдуулан сургах, ажлын байраар хангах гэрээг хөдөлмөр эрхлэлтийн байгууллагатай байгуулж хэрэгжүүлэх ба дагалдан сургах ажилтны хувь хэмжээ нь гадаад ажилтны 30 хувиас доошгүй байна (22.4).
  • Нийгмийн баталгаа: Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөх. Хилээр орж ирэхээс өмнө тохирсон цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг заавал хангах ба ажилтны хувийн баримт бичиг, цалин хөлсийг барьцаалахыг хориглоно (26.1.3, 26.1.5).
ЧӨЛӨӨЛӨЛТ, ХӨНГӨЛӨЛТ — Удирдах болон мэргэшлийн ажилтан
Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн захирал, хөрөнгө оруулагч, ТУЗ-ийн гишүүн, нарийн мэргэшлийн мэргэжилтэн, эмч, багш, төслийн инженер зэрэг ангилалд (21.2, 21.3.1–21.3.5) дотоодоос ажилтан хайх 14 өдрийн шаардлага хамаарахгүй (23.9). Мөн хөрөнгө оруулагч, захирал, ОУ-ын байгууллагын төлөөлөгч, гэрээт эмч, судлаач, мэргэжлийн багш, дасгалжуулагчийг авч ажиллуулах ажил олгогч ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөнө (32.3). Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, стратегийн дэд бүтцийн төсөлд Засгийн газрын шийдвэрээр хөнгөлөлт үзүүлж болно (32.4). Удирдах, гүйцэтгэх ангиллынхнаас бусад гадаад ажилтны Монгол Улсад тасралтгүй ажиллах нийт хугацаа 5 жилээс илүүгүй байна (28.2).

4. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Ажил олгогчоос:

  • Үйл ажиллагааны чиглэл, ажилтны гүйцэтгэх үүргийг тусгасан албан хүсэлт, ажлын байрны ангилал, төрөл, байршил, хугацааг тодорхойлсон ажлын төлөвлөгөө (23.5.1).
  • Компанийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар (23.5.2).
  • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хөдөлмөрийн гэрээний хувь.
  • Дотоодоос ажилтан хайсан тухай мэдээлэл, үйлчилгээний хураамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (23.5.4–23.5.6).

Гадаад ажилтнаас:

  • Гадаад паспортын хуулбар (Хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх).
  • Мэргэжлийн диплом, сертификатын баталгаат орчуулга (Апостиль эсвэл консулын баталгаажуулалттай; тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх — 23.5.3).
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас (Халдварт өвчин болон ДОХ, Сүрьеэгийн үзлэг).

← Мэдлэг рүү буцах

Бизнесийн мэдээллийн товхимол

Долоо хоног, сар тутмын бизнесийн мэдээллийн товхимолыг имэйлээр хүлээн аваарай.