Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
Улсын Их Хурал 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Гол өөрчөлтүүдийг авч үзвэл:
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмж эвдэх, тээвэрлэлт тасалдуулахыг шууд хориглосон хамгаалалтын зохицуулалт нэмэгдлээ.
- Баяжуулалтын үйл ажиллагаа анх удаа тусдаа тусгай зөвшөөрлийн зохицуулалттай боллоо.
- "Чухал ашигт малтмал" гэсэн шинэ ойлголтыг нэвтрүүллээ.
- Компаниуд сонгон шалгаруулалтгүйгээр 35,000–150,000 га хүртэл талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил хийх шинэ гэрээт эрх авах боломжтой болов.
- Маркшейдерийн тусгай зөвшөөрөлийг шинээр хуульчилав.
- Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүжилтийн баталгааны нарийвчилсан шаардлага тогтоов.
- Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, барьцаа хураамж эрс нэмэгдэж, цаашид үнийн индекстэй уялдан жил бүр автоматаар индексжинэ.

Шинэчлэлийн гол цөм нь ашигт малтмалын баяжуулалтын үйл ажиллагааг анх удаа тусдаа тусгай зөвшөөрлийн зохицуулалтад оруулж, "чухал ашигт малтмал"-ын тухай ойлголтыг нэвтрүүлжээ.
Хуулиар мөн хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх шинэ гэрээт механизмыг бий болгож, компаниуд сонгон шалгаруулалт хүлээлгүйгээр 35,000–150,000 гектар хүртэл талбайд урьдчилсан судалгаа хийх боломжтой боллоо. Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүжилтийн баталгааны нарийвчилсан хуваарь, маркшейдерийн шинэ тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хууль бусаар халдахыг хориглосон зохицуулалт зэрэг олон шинэ заалт орсон байна.
Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр эрс нэмэгдэж, цаашид хэрэглээний үнийн индекстэй уялдан жил бүр автоматаар индексжих болно.
Ашигт малтмалын тухай хуульд бүтцийн шинжтэй гурван том өөрчлөлт орсон байна.
- Баяжуулалтын үйл ажиллагааг тусад нь зохицуулалттай болгов
- Хувийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны гэрээт механизм нэвтрүүлсэн -
- Төлбөр, хураамжийн бүтцийг өөрчилсөн
Онцлог зохицуулалтууд
"Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа" - шинэ тусгай зөвшөөрлийн төрөл
Баяжуулалтын үйл ажиллагааг тусдаа тусгай зөвшөөрлийн зохицуулалттай болж байна:
- Зөвшөөрөл авахад: ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна технологийн туршилт, газар ашиглах эрхийн гэрчилгээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, БОННҮ, ус хангамжийн эх баталгаат үүсвэр зэргийг бүрдүүлнэ.
- Олгох угацаа: 5 жил, сунгах боломжтой.
- Тусгай зөвшөөрөл шилжүүлэх боломжтой, гэхдээ татвар төлсөн нотолгоо шаардана
- Гарал үүсэл тодорхойгүй буюу зөвшөөрөлд заагаагүй төрлийн ашигт малтмал баяжуулах, борлуулахыг хориглоно.
Маркшейдерийн тусгай зөвшөөрлийг хуульчилсан.
- Шаардлага: бакалавраас доошгүй зэрэг, 8-аас доошгүй жил туршлага, ял шийтгэлгүй байх.
- Олгох хугацаа: 3 жил, сунгах боломжтой.
- Чиг үүрэг нь хараат бус хөндлөнгийн дүгнэлт гаргах шинж чанартай төсөл хэрэгжүүлэгчээс зардал авч болох боловч дүгнэлтийн үнэн зөвийг маркшейдер өөрөө хариуцна.
Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ
Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, сонгон шалгаруулалтын талбайд хамрагдаагүй, эсхүл сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарласан боловч сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирээгүй талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлтийг геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
Шат 1 — Гэрээ:
- Зөвшөөрөгдөөгүй, хориглоогүй, сонгон шалгаруулалтад ороогүй (эсвэл 2 удаа зарлагдсан ч сонирхогч ирээгүй) талбайд хамаарна.
- Талбайн хэмжээ: 35,000–150,000 га.
- Шийдвэрлэх хугацаа: хүсэлтийг 20 хоногт шийдвэрлэж, гэрээг 2 хүртэл жилээр байгуулна.
- Гол хориг: олборлож, борлуулж болохгүй, эрхээ шилжүүлж, барьцаалж болохгүй
- Тухайн хугацаанд бусдад тусгай зөвшөөрөл олгохгүй.

Шат 2 — Хайгуулын тусгай зөвшөөрөл:
- Гэрээний үүргээ биелүүлсэн бол сонгосон хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрх үүснэ.
- Зөвшөөрлийн талбай нь гэрээт талбайн 20 хувиас ихгүй байх ёстой.
- Зөвшөөрлийн хугацаа: 2 жил, 1 удаа 2 жилээр сунгах боломжтой.
Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүжилтийн баталгаа
- Уурхай нээхээс өмнө хаалтын төлөвлөгөө боловсруулж, 3–5 жил тутам тодотгох үүрэгтэй.
- Санхүүжилтийн баталгааг олон улсын банк/санхүүгийн хэрэгслээр, эсвэл төрийн тусгай дансанд хуваарийн дагуу байршуулна - ашиглалтын хугацаанаас хамааран жил бүрийн хувь хэмжээ хүснэгтээр тогтоосон.
- Гол зарчим: ашиглалтын нийт хугацааны 2/3-д багтаан бүрэн байршуулах; 3 хүртэл жил ашиглах бол эхний жилдээ 100% байршуулна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалах зохицуулалт
Геологи, хайгуул, уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатайгаар тасалдуулах, уурхайн гарцыг хаах, цахилгаан, усан хангамжийг зориудаар таслахыг хориглоно.
Төлбөрийн бүтцийн өөрчлөлт
- Хайгуулын жилийн төлбөр өөрчлөгдсөн: 1-р жил 3.5 нэгж/га, 4–6-р жилд 35 нэгж/га хүртэл өссөн.
- Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр: нүүрс/шохойн чулуу 12 нэгж/га, бусад 48 нэгж/га.
- Тусгай зөвшөөрлийн жилийн барьцаа хураамж 16 нэгжээс 70 нэгж хүртэл шаталсан байдлаар нэмэгдсэн.
- Нэгж = 1000 төгрөг, жил бүр хэрэглээний үнийн индексийн өмнөх жилийн өсөлтийн хувиар индексжүүлнэ.
Ил тод байдал, орон нутгийн оролцоо
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр үйл ажиллагааныхаа мэдээллийг олон нийтэд ил тод байлгах үүрэгтэй болжээ.
- Иргэн, ТББ-ын оролцооны 5 хэлбэрийг тодорхой жагсаасан (бодлого боловсруулалтад оролцох, хамтарсан судалгаа, инноваци нэвтрүүлэлт, мэдээлэл авах эрх, зөрчлийн талаар мэдээлэх эрх).