Татварын хуулиудад орсон гол нэмэлт, өөрчлөлтүүд
Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2026 оны 6 сарын 18-ны өдөр баталлаа. Эдгээрээс гол өөрчлөлтүүдийг танилцуулж байна. Гол өөрчлөлтүүд: ААНОАТ-г 3 шатлалтай болгов
- НӨАТ суутган төлөгчийн босго 400 сая болгов.
- Хууль даган мөрдөлтийн түвшин тогтоодог болов.
- Хил дээр төлдөг НӨАТ-г хойшлуулах боломжтой болов.
- ААНОАТ-н тайлан тушаах хугацаааг тухайн сарын сүүлийн өдөр болгож өөрчилөв.
- 2.5 тэрбум хүртэлх орлоготой ЖДҮ-ийн ААНОАТ-ын бодит хэмжэээг 1% хүртэл бууруулав.

1. Татварын ерөнхий хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлтүүд
- Татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийг хэр хэмжээгээр сахин биелүүлж байгааг үнэлсэн "хууль даган мөрдөлтийн түвшин"-г нэвтрүүлжээ. Тус түвшинг 100 хүртэлх тоон утгаар илэрхийлж, үнэлгээнээс хамааран "маш сайн", "сайн", "дунд", "муу" гэж ангилна. Энэ түвшинг Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, татварын зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд ашиглана. Тухайлбал, хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч хүсэлт гаргавал НӨАТ төлөх хугацааг нэг сарын хугацаагаар хойшлуулах эрх эдэлнэ.
- Татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээг тухайн орлогын 80 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлав.
- Маргаан таслах зөвлөл, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхөн ногдуулалтын актад заасан алданги, торгуулийг тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд татвар төлөгчөөс нэхэмжлэхгүй.
- Татварын хяналт шалгалтын томилолт олгосноос шийдвэр гарах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй татварт алданги тооцохгүй.
- Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөгдөөгүй татвар, эсхүл татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлав.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлтүүд
Өмнө нь 2 шатлалтай байсан татварын хувь хэмжээг 3 шатлалтай болголоо. Энэ шатлал нь татвар ногдуулах суурь орлогоос илүү орлогод нэмж ногдуулах зарчимтай бөгөөд дараах байдалтай байна:
Татвар ногдуулах орлогын жилийн дүн
Хувь хэмжээ
0–6 тэрбум төгрөг хүртэлх орлогод
10%
6–10 тэрбум төгрөгийн хооронд байгаа орлогод (600 сая төгрөг дээр нэмж)
15%
10 тэрбум төгрөгөөс дээш орлогод (1 тэрбум 200 сая төгрөг дээр нэмж)
25%
Өөрөөр хэлбэл, 6 тэрбумаас дээш 10 тэрбум хүртэлх орлогод 15 хувиар татвар ногдуулахдаа эхний 6 тэрбумын татвар болох 600 сая төгрөгийг дээр нь нэмж, 6 тэрбумаас илүү гарсан орлогод 15%-н татвар ногдуулна.
- Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах; согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн шатахуун импортлохоос бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогод 10 хувиар татвар ногдуулж, эцсийн татварын тайлангаар ногдуулж төлсөн татварын 90 хувийг хөнгөлж, буцаан олгохоор хуульчилжээ. Ингэснээр бодит татварын хэмжээ 1% хүртэл буурна.
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 100 хувь буюу бүрэн чөлөөлнө.
- Их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график болон тусгай зориулалтын процессор бүхий сервер, супер компьютерын ашиглах хугацааг 3 жилээр тооцож элэгдүүлнэ.
- Сар, улирал, жилийн эцэсийн тайлан тушаах хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн тайлан тушаах сарын сүүлийн өдөр болгов.
3. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлтүүд
НӨАТ суутган төлөгчийн босго 50 сая төгрөг байсныг босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Хасалт хийх эрх:
- Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчөөс худалдан авсан ажил, үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар (банкаар) төлсөн бол төлбөрийн баримт, гэрээг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно.
- Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, ажилтны хангамжид зориулж худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих албан татвараас хасахдаа, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад олгосон өмнөх үргэлжилсэн 12 сарын цалингийн зардлын сарын дундаж дүнгийн 15 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлах заалт нэмж оруулав. ААНОАТ хуулиар ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардалыг мөн үнийн дүнгийн 5%-с хэтрэхгүй байхаар зохицуулсан байдаг.
Хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн татвар төлөх хугацааг хойшлуулах:
- Хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд НӨАТ төлөх хугацааг нэг сараар хойшлуулж, дараа нь бүрэн төлсөн бол дахин хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэсгээр төлж болно. Импортын татварт мөн адил зарчим үйлчилнэ.
- Хойшлуулсан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй, хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, эсхүл цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдвол хойшлуулах шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, өр үүснэ. Ийнхүү хүчингүй болсон тохиолдолд тухайн татвар суутган төлөгч нэг улирлын хугацаанд дахин хойшлуулах хүсэлт гаргах эрхгүй болно.
- Татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг харьяа татварын алба, гаалийн байгууллага хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
Хилээр орж ирэх барааны НӨАТ-г хойшлуулах боломж:
- НӨАТ-ын хуулиар хилээр орж ирэх барааны НӨАТ-ыг хойшлуулах боломжийг нэвтрүүлж байна. Хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд импортын НӨАТ-аа нэг сараар хойшлуулах эрхтэй болох бөгөөд, хойшлуулсан татвараа бүрэн төлсний дараа дахин хүсэлт гаргавал үлдэх НӨАТ-аа хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэсгээр хуваан төлж болно. Гэхдээ ингэж хойшлуулах татварын хэмжээ нь тухайн импортлогчийн сүүлийн улиралд ижил төрлийн бараанд төлсөн НӨАТ-ын сарын дунджаас хэтрэхгүй байх бөгөөд, хугацаандаа бүрэн төлөөгүй тохиолдолд хойшлуулах шийдвэр хүчингүй болж, татварын өр үүснэ. Хүсэлтийг холбогдох гаалийн байгууллага ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
Татварын хялбаршуулсан горим:
- Дараалсан 12 сарын хугацаанд 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, эсхүл шинээр байгуулагдсан, тодорхой хязгаарлагдмал үйл ажиллагаа эрхэлдэггүй татвар суутган төлөгч өөрийн хүсэлтээр татварын хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Борлуулалтын орлого татварын жилийн дундуур 400 сая төгрөгт хүрвэл дараагийн сараас энгийн горимд шилжих бөгөөд дараагийн 12 сарын хугацаанд дахин хялбаршуулсан горимд хүсэлт гаргах эрхгүй байна.
Дээрх өөрчлөлтүүд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.